Everest : Од

Од

Од
Орчлонд их дэлгэрсэн, өөрөө гэрэлтдэг, татах хүч бүхий халуун плазман бөмбөрцгийг од гэнэ. Дэлхийд хамгийн ойр орших од бол Нар юм. Бусад од нь шөнийн цагт харагдах бөгөөд тэдгээрийг 88 одны ордонд хувааж нэр өгсөн байдаг. Ихэнх хурц одод нэртэй.  Одны цөмд халуун цөмийн урвал явагдах бөгөөд эндээс ялгарсан энерги хэд хэдэн шатыг дамжин одны гадаргууд хүрч улмаар сансрын уудамд гэрэл нь түгнэ. Од нь хэмжээ, өнгө, температур, биднээс орших зай, масс, нягт, нас, тод бүдгийн байдал, спектр, химийн найрлага, ялгаруулж байгаа энерги зэргээрээ өөр  хоорондоо харилцан адилгүй байна. Од оршин тогтнох хугацаандаа үүсч буй болох, идэвхжих, тогтворжих, сөнөж үгүй болох зэрэг хувьслын бүхий л үе шатыг дамжин өнгөрнө. Эдгээр хөгжлийн шат нь түүний массаас хамаарна. Хэмжээгээрээ том одыг аварга од, хамгийн их томыг нь хэт аварга од, өчүүхэн багыг нь  одой од гэнэ.  Хамгийн бага нь 10-20 км диаметртай нейтрон од, цагаан одой од байхад, хамгийн том нь 800 сая шахам км радиустай хэт аварга од байна. Одны массын 98% орчмыг хамгийн хөнгөн хий устөрөгч, гелий  эзэлнэ. Одноос ирэх гэрлийн спектрээр нь түүний температур, химийн найрлагыг тодорхойлно. Хамгийн халуун од хөх цэнхэр өнгөтэй харагддаг. Тэдний  температур гадарга дээрээ 30000-50000 К, гэрэлтэц нь нарныхаас 10000 орчим дахин их байхад, дунд зэргийнх нь  Нар мэт шар, гадаргадаа 6000 К температуртай, хамгийн хүйтэн од  улаан  өнгөтэй,  гадаргадаа 3000-4000 К  орчим температуртай байна. Од ганцаараа биш харин хосоороо буюу бүлээрээ үүсч буй болсон нь олон байна. Ийм  хоёр одыг хос, хоёроос олон оддыг бүл  од гэнэ. Од бас маш олноороо бөөгнөрөн орших нь цөөнгүй байна. Үүнийг одны бөөгнөрөл гэнэ.  Оддын дотор гэрэлтэц нь  тогтмол  бус хувиран өөрчлөгддөг од байдаг. Түүнийг хувьсах од гэдэг. Урьд өмнө нь харагдахгүй байсан од тодрон харагдах, эсвэл гэрэлтэц нь өмнө байснаасаа олон дахин нэмэгдэх одыг шинэ од гэнэ. Тэдгээрээс гэрэлтцийн  далайц хэмжээ нь огцом  бөгөөд асар ихээр өөрчлөгдөх одыг хэт  шинэ од  гэдэг. Тодорхой хугацааны дараа эдгээр шинэ болон хэт  шинэ од нь анхны байдалдаа орж харагдахгүй болдог. Шинэ од нээлээ гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Дэлхийн хагас бөмбөрцөгт буй хүмүүс тэнгэрийн таатай нөхцөл байдалд 3000 орчим одыг нүдээрээ ялган харж чадна.  


Аврага од
Харьцангуй бага буюу ойролцоогоор 5000 К температуртай од юм. Нарнаас 800 дахин их радиустай байх тул гэрэлтэц нь асар их байдаг. Герцшпрунг-Ресселийн диаграмм дээр аварга одны тусгай одны анги их хэмжээний сийрэгжсэн бүрхэвчтэй учраас дундаж нягт нь маш бага (10-5-10-7 г/см3) байна.Цацаргалтын хамгийн их байх муж нь долгионы улаан болон нил улаан мужид хамрагдах тул тэдгээрийг “Аварга од ” хэмээн нэрлэдэг.  Зарим аварга одны агаар мандалд цэнэгт бөөмсийн урсгал үүсч тогтворгүй байдлын шинж тэмдэг илэрдэг. Жишээ нь:  Огторгуйн чоно одны ордны аварга од Адара хүртэл 430 гэрлийн жил байдаг. Гадаргуун температур 25000 градус Цельс, харин гэрэлтэлт нь нарныхаас 20000 дахин их, спектрийн анги нь В2. Хэрвээ Адара Сириус шиг Дэлхийтэй ойрхон байсан бол  Сугар гарагаас 15 дахин их тод харагдах байсан.

Хэт аврага од
Хэмжээ томтой, гэрэлтэлт ихтэй (Нарнаас 10 хүртэл дахин их гэрэлтэлттэй) цөөн тооны оддын анги юм. Агаар мандал нь ихээхэн сийрэг алс хол үргэлжилсэн байдагтай  уялдан Нарнаас 50 дахин их масстай аварга оддын радиус Нарныхаас 1000 дахин урт байж болдог.
Америкийн Гавайн арал дээр байрладаг Мауна-Кеагийн одон орон судлах оргилын Spitzer ба Keck сансрын дурангаар авсан материалуудыг Рочестерийн Технологийн Институтын  эрдэмтэд манай оддын айгаас улаан хэт аварга оддоос тогтсон хоёр ховор оддын бөөгнөрөл олжээ. Оддын бөөгнөрөл нь  Тэнгэрийн малгай одны ордонд байршдаг ба Дэлхийгээс 20000 гэрлийн жил-ийн зайтай, харин Дэлхий ба Тэнгэрийн малгай хоёрын хоорондох зай 800 гэрлийн жил байдаг. 14-н улаан хэт аварга оддын нас нь 12 сая жил, харин арай томоохон бөөгнөрөл болох 26-н хэт аварга оддын нас нь 17 сая жил байгааг эрдэмтэд тогтоосон.
Одой од
0,1-1 Нарны масстай, хэмжээгээрээ 1-1.4 Нарны радиустай жижиг бүхий одод. Одой од дотор олон тооны дэлбэрэгч од байдаг. Одой одыг дараах төрлүүдэд хувааж үздэг.
•    Шар одой од  -  Оддын гол дарааллын 1-1,4 хүртлэх Нарны масстай дунд зэргийн однуудаас тогтдог.
•    Улбар шар одой од – Спектрийн К ангид хамрагддаг, гол дараалал дээр байрладаг 0,5-0,8 Нарны масстай, арай удаан амьдардаг одод.
•    Улаан одой од – Спектрийн М  ба дээд К ангид хамрагддаг, гол дараалалд байршилтай, жижиг хэмжээтэй, харьцангуй хүйтэн од. Эдгээр однууд нь бусад  однуудаас ихээхэн ялгаатай. Диаметр ба масс нь Нарныхаас 3 дахин бага байна. Массны хамгийн бага доод хязгаар нь нарныхтай харьцуулбал - 0,0767, үүний дараагаар хүрэн одой одод  орно.
•    Цагаан одой од – Чандрасекарын массны хязгаараас ихгүй, өөрөөр хэлбэл 1,4 Нарны массаас ихгүй масстай, халуун цөмийн энергийн өөрийн  эх үүсгүүргүй шатандаа байгаа од юм.
•    Хар одой од – Хөрж дууссан, үүний нөлөөгөөр гэрлийн үзэгдэх мужид цацаргалт гаргадаггүй цагаан одой од. Тэрээр цагаан одойн хувьслын төгсгөлийн үе шат дахь гэрэлтэгч биетийг төлөөлдөг.Массаараа цагаан одойнхтой ойролцоо 1,4 нарны масснаас ихгүй. 
•    Хүрэн одой од – Бархасбадийн массны 5-75 масстай, гол дарааллын однуудаас ялгаатай нэг онцлог нь устөрөгч гели болж хувирах (CN-цикл буюу Бете цикл) халуун цөмийн урвал цөмдөө явагддаггүй од юм.
•    Хүрэндүү одой од – Хүйтэн, массны хэмжээгээрээ хүрэн одой одноос бага од. Иймээс эдгээр одой однуудыг гараг гэж тооцохоор тэнгэрийн гэрэлтэгч биет юм.

Зурган дээр HD 188753 бүл одны гурван гишүүнийг дүрслэн үзүүлэв. Тойрог замын төвд нь байгаа од  HD 188753 A – одны гол дарааллын шар одой од 1,06 нарны  масстай. Түүнээс 12,3  о.о.н. зайнд бие биеэ тойрон эргэж байгаа  HD 188753 B (улбар шар одой од) ба HD 188753 C (улаан одой од) однуудыг дүрслэн харуулав. Эдгээр одны эргэлтийн үе нь 156 хоног ба тойрог замын төвд нь байгаа одоо эргэх үе нь 25,7 жил юм.
Цагаан одой од
Хэмжээ, гэрэлтэлтээрээ бага боловч өндөр температуртай од. Цагаан одой од  нь Нартай харьцуулвал гэрэлтэлт, хэмжээгээрээ түүнээс олон зуу, мянга дахин бага. Масс нь Нарны масстай ойролцоо байх тул бодисын нягт нь маш их. (10 г/см3).Төсөөлбөл, уснаас олон арав зуун мянгаас сая, ердийн одноос хэдэн сая дахин их нягт юм. Цагаан одой одны ангид нилээд хүйтэвтэр, шар, улаан өнгө бүхий од байдаг. Цагаан одой од  нь хувьслынхаа нилээд төгсгөлийн шатанд яваа одод юм. Цагаан одой од  таталцлын хүч болон электроны мөхмөл хийн даралтын тэнцвэрт байдгын ачаар оршин тогтнож байдаг. Галактик дахь бүх одны 3-10 %  цагаан одой одонд тоологдоно. Цагаан одой одны массын дээд хязгаар 1,4 нарны масс байх ёстойг тооцоогоор баталжээ. Энэ хязгаараас давбал од хувьслынхаа төгсгөлийн шатанд таталцлын хэт агшилтад орох ёстой. Анхны масс нь Нарныхаас хэд хэд дахин их ердийн одны хувьслын явцад гадаад давхарга нь цацагдан шидэгдэж нягт цөм нь үлдэх үед  цагаан одой од  үүснэ.


Бүл од
Таталцлын хүчний үйлчлэлээр массын ерөнхий төвийг тойрон эргэх 3  ба түүнээс дээш од бүхий тогтолцоо. Дэлхийгээс харахад бие биетэйгээ ойрхон харагддаг однууд юм. Энэ ойртолт зөвхөн харагдах байдлаар байвал оптик бүл од гэж нэрлэдэг. Харин однууд бие биетэйгээ ойрхон таталцлын хүчээр холбоотой байвал физик бүл од гэж нэрлэдэг. Жишээ нь: Биднээс 166 гэрлийн жил буюу 51 парсек зайд байршдаг Хумхын ордны BD -22°5866 бүл од нь 4 гишүүнтэй. Эхний хоёр од нь 133 км/с хурдтайгаар 5 хоног бүтэн эргэдэг, харин нөгөө хоёр од нь 52 км/с хурдтайгаар 55 хоног бүтэн эргэдэг. Эхний хоёр одны хоорондох зай 0,06 о.о.н., харин дараагийн хоёр одны хоорондох зай 0,26 о.о.н. Бие биенээ тойрох үе нь 9 жил.
Хувьсах од
Дотор нь явагдаж байгаа физик үзэгдэлтэй уялдан гялалзалт нь хувьсан өөрчлөгддөг од.  Хамгийн анхны хувьсах од болох Омикрон Халим одыг 1638 онд  Иоганн Хольвард  ажиглажээ. Харин хамгийн анхны хувьсах одны каталогийг 1786 онд Английн одон оронч Эдуард Пиготт зохиожээ. Хувьсах одны гялалзалт өөрчлөгдөхийн зэрэгцээ спектрт нь ямар нэг өөрчлөлт гардаг. Хувьсах одыг гялалзалтынх нь байдлаар өөрчлөгдөх зөв хувьсах, зөв биш хувьсах, шинэ, цоо шинэ гэж ангилдаг. Гялалзалт нь тодорхой үетэйгээр өөрчлөгддөг одыг зөв хувьсах  од гэнэ. Гялалзалтын өөрчлөгдөх үе хэдэн минутаас хэдэн жил ч байдаг.  Тэнгэрийн бадмааргийн төрлийн од нь зөв хувьсах одны үндсэн төлөөлөгч мөн. Зөв хувьсах одны дотроос Тэнгэрийн гохын хамгийн сайн судлагдсан бөгөөд түүний хувьсах үе 5.37 хоног юм. Зөв хувьсах одны үе удаан хугацааны турш тогтмол байдаг онцлогтой. Ямар нэг одны бодисын дотогшоо татагдах хүч, түүний хийн гадагш дарах даралт хоёрын тэнцвэр алдагдах үед шахагдан агших, эсвэл тэлэн томрох үзэгдэл тодорхой хугацаанд давтагдах боломжтой байдгаар Хувьсах одны учир шалтгааныг тайлбарладаг. Гэрэлтэлт нь тодорхой үегүйгээр хувьсан өөрчлөгддөг одыг зөв биш хувьсах од гэнэ. Тэдгээрийн гялалзалт тодорхой үегүйгээр өөрчлөгддөг учир түүний давтагдалтын учир шалтгааныг тайлбарлах боломжгүй юм. Таван тэрэг ордонд орших Вольф-Рейений одны төрөлд багтах зөв биш хувьсах одны үзэгдэх одны хэмжигдэхүүн нэг бол маш түргэн (1 цагийн дотор 1-ээр), үгүй бол маш удаан (1 хоногийн дотор дөнгөж 0.1-ээр) тус тус өөрчлөгддөг онцлогтой.
2008 оны “Хувьсах одны ерөнхий каталог”- д манай одны айгаас 46000 хувьсах од, өөр одны айгаас 10000 хувьсах одыг багтаасан ба үүнээс гадна 10000 хувьсах од байж болно гэж үздэг.


V838 Гөрөөсөн толгойт (V838 Mon) — Нарнаас ойролцоогоор 20000 гэрлийн жил буюу 6 кпк зайд байршдаг ер бусын хувьсах од. 2002 онд болсон  хүчтэй дэлбэрэлтийг давж гарсан хувьсах од юм.

Шинэ од


Гялалзалт, гэрэлтэлт нь гэнэт нэмэгдэн ихээхэн тодорч харагдаад, дараа нь аажмаар хуучин байдалдаа, эргэн орох од. Шинэ од нь шинээр гэнэт бий болж байгаа биш, харин бүдэг байсан од тодрон харагдах, нүд, жижгэвтэр дуранд өртөгдөхгүй байсан од үзэгдэх  болтлоо тодрон харагдаж байгаа юм. Гялалзалт нь ингэж ихсэх нь түүний агаар мандалд хүчтэй дэлбэрэлт болсонтой холбоотой. Энэ дэлбэрэлтийн үед хэдхэн өдрийн дотор асар их энерги ялгарч, гэрэлтэлт нь олон зуу, мянга зарим тохиолдолд олон сая дахин нэмэгддэг. Шинэ од дээр дэлбэрэлт болж гялалзалт нь нэмэгдэж хамгийн их хэмжээндээ хүрэх үзэгдэл ихэвчлэн хэдхэн хоног үргэлжлэх бөгөөд харин анхны гэрэлтэлтийн байдалдаа эргэж ортлоо хэдэн жил болно.


Шинэ од бий болох үеийн фото зурагнууд
Хэт шинэ од

Гэв гэнэт асар хүчтэй дэлбэрснээс болж гэрэлтэлт нь олон дахин нэмэгдэж тодорсны дараа дахин алгуураар бүдгэрч анхныхаа байдалд ордог нэгэн төрөл хувьсах од. Хэт шинэ одны шаталт барагцаалбал 10 орчим хоног үргэлжлэх бөгөөд хамгийн их тодрох үед тэдгээрийн үнэмлэхүй хэмжигдэхүүн -13m-аас  -21m хүрнэ. Хэт шинэ одны дэлбэрэлт болоход ялгарах нийт энерги нь манай Нар үүссэн цагаас хойш эдүгээ хүртэл цацруулсан энергитэй тэнцэхүйц хэмжээний тийм их юм. Энэ их энерги түүний гадаргаас тал тал тийш бодис цацагдахад зарцуулагдана. Цацагдах бодисын хурд хэдэн мянгаас 20000 км/сек хүрнэ. Энэхүү дүгнэлтийг одны дэлбэрэлтийн үеэр авсан спектрийн судалгааны дүнд хийжээ. Хэт шинэ одноос цацагдах бодис аажмаар хөрч хийн мананцар үүсгэнэ. 1054 онд Үхрийн ордонд дэлбэрсэн хэт шинэ одноос Арваалж хэлбэрийн мананцар гэж нэрлэгдэх бүдгэвтэр мананцар үүсжээ. Олон жилийн турш явуулсан судалгаагаар энэхүү мананцар секунд тутамд 1000 км-ийн хурдтайгаар тэлсээр байгааг мөн нэн хүчтэй радио долгион, рентген туяа цацруулж байгааг баталсан. Хэт шинэ одны дэлбэрэх механизм одоо болтол бүрэн тайлбарлагдаж чадаагүй байна. Хэт шинэ одныг судлах явдал одны хөгжил, хувьслын зүй тогтлыг танин мэдэхэд онцгой ач холбогдолтой.
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Зочин

bvh vgnvvd n garch irehkvv bnaa bvtenn eheer n unshij blhgv bn

as (зочин)

ee yana

Од (зочин)

Од гое хахахахахахахахахахахаха

Зочин

23

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)